ИРЛАНД УЛСЫН СУРГАЛТЫН ВИЗЭНД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
ИРЛАНД УЛСЫН СУРГАЛТЫН ВИЗЭНД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
2023.04.08

90 хоногоос дээш хугацаагаар суралцах гэж буй хүмүүс Ирландын сургалтын виз мэдүүлэх боломжтой.

Энэхүү төрөл нь нэг удаагийн нэвтрэх эрхтэй виз бөгөөд визээ амжилттай авсан оюутнууд Ирландад очоод оршин суух картаа авсны дараа олон удаа нэвтрэх эрхтэй виз мэдүүлэх боломжтой болно.

Бүрдүүлэх бичиг баримтууд:

  1. Бүрэн бөглөсөн визны өргөдлийн маягт /цахимаар бөглөх/
  2. Хүчинтэй гадаад паспорт эх хувиараа болон виз дарагдсан бүх хуудсын хуулбар /Ирландад ирэх хугацаанаас хойш хамгийн багадаа 6 -12 сарын дараа хугацаа нь дуусах/ Мөн таны паспортанд виз дарах боломжтой 2 хоосон хуудас заавал байх ёстой.
  3. Одоогийн хэрэглэж байгаагаас өмнөх бүх гадаад паспортыг хавсаргах ёстой. / эх хувиараа болон виз дарагдсан бүх хуудсын хуулбар/ Хэрэв урьд өмнө нь аль нэг улсруу виз мэдүүлээд татгалзаж байсан бол тэдгээрийн холбогдох бичиг баримт, татгалзсан захидал болон тодорхойлолтыг эх хувиар нь хавсаргана. Хавсаргаагүй тохиолдолд таны виз гарахгүй байх магадлалтайг анхаарна уу. Хэрэв та эх орноосоо өөр газраас виз мэдүүлж байгаа бол тухайн улсад оршин суух хууль ёсны бичиг баримтаа үзүүлэх ёстой. Түүнчлэн Ирландад ирэх хугацаанаас хойш хамгийн багадаа 3 сар тухайн виз мэдүүлж буй орондоо оршин суух эрхтэй байх шаардлагатай.
  4. Бүрэн бөглөж гарын үсэг зурсан асуулгын хуудас
  5. Цээж зураг 2 хувь /сүүлийн 6 сарын дотор авхуулсан/ 3,5*4,5
  6. Визний хураамж болон үйлчилгээний хураамж
  7. Гарын үсэг зурсан визны өргөдлөөс гадна доорхи зүйлсийг тусгасан өөрийн гараар бичсэн захидал. Үүнд:
  • Яагаад заавал Ирланд улсад суралцах болсон шалтгаан
  • Ирланд болон Европын холбооны бусад улсуудад байгаа гэр бүлийн гишүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл
  • Тухайн улсад хэр удаан хугацаар байх төлөвлөгөө
  • Таны оршин суух болон суралцах эрхийн хугацаа дууссан тохиолдолд эх орондоо буцаж ирнэ гэдгээ илэрхийлсэн байх
  1. Ирландын сургуулиас ирсэн суралцах зөвшөөрөл буюу урилга /суралцах чиглэл, хугацаа, 7 хоногийн хичээлийн цаг зэргийг тусгасан/
  2. Сургуулийн урилганы төлбөр төлсөн баримт
  3. Дүнгийн хуулга, дипломын хавсралт болон бусад боловсролын зэргийг тодорхойлох бичиг баримт
  4. Сургууль завсардаж байсан бол түүнийг тодорхойлох баримт
  5. Хэрэв англи хэлээр сургалт авах бол хэлний түвшин хангалттайг батлах шалгалтын оноо /Жишээлбэл – IELTS/
  6. Санхүүгийн баталгаа – сүүлийн 6 сарын дэлгэрэнгүй дансны хуулга. Виз мэдүүлэгчийн өөрийн нэр дээрхи хадгаламж ба батлан даагчийн хадгаламж байж болно. Энэхүү данс нь хугацаатай хадгаламж байж болохгүй бөгөөд виз мэдүүлэгч хүссэн үедээ тухайн хадлагамжийг ашиглаж болохуйц байх ёстой юм. Санхүүгийн баталгаа хамгийн багадаа суралцах нэг жилийн 7000 евро байна. /2 жил – 14,000 гэх мэт/ Мөн дансны хуулга, тодорхойлолт авахаас богино хугацааны өмнө дансанд орсон мөнгөний эх үүсвэрийг нотлох ёстой. Эх үүсвэр нь нотлогдохгүй тохиолдолд виз татгалзах магадлалтайг анхаарна уу.
  7. Сургалт дууссаны дараа эх орондоо буцах баталгаа. Тухайлбал хэрвээ виз мэдүүлэгч нь оюутан бол өөрийн сурч буй сургуулиасаа хэдэн жил сурсан, цааш хэр хугацааны сургалт үлдсэн болон Ирландад сурч дуусаад сургуульдаа үргэлжлүүлэн сурахыг зөвшөөрсөн тодорхойлолт.
  8. 18-аас доош насны, насанд хүрээгүй иргэн виз мэдүүлж байгаа бол эцэг эх, асран хамгаалагчдын бүгдийх нь зөвшөөрөл шаардлагатай. Зөвшөөрөл эх хувиараа байх ёстой бөгөөд асран хамгаалагч гарын үсэг зурсан байна. Мөн эцэг эхийн бичиг баримт /цахим үнэмлэх, паспорт/-ын хуулбарыг хавсаргана.
  9. Сургалтын хугацаанд хаана байрлах талаар дэлгэрэнгүй мэдээлэл
  10. Онгоцны билет захиалсан баримт
  11. Хувийн эрүүл мэнд, аялалын даатгал

/Материалаа дээр дурдсан дарааллаар бэлтгэж ирүүлнэ үү/